Байгаль хамгаалах хамгийн дээд хэлбэр нь газар нутгийг тусгай хамгаалалтад авах юм
Манай улс нийт газар нутгийнхаа 21 хувийг тусгай хамгаалалтад авсан цаашид 30 хувьд хүргэхээр төлөвлөж байна.
Тусгай хамгаалалттай газар нутгийн зөвлөх, ШУ-ны доктор Б.Оюунгэрэлтэй Peak.mn мэдээллийн агентлаг ярилцсан юм. Тэрбээр мэргэжлээрээ 30 гаруй жил ажилласан туршлагатай судлаач юм. Энэхүү ярилцлагад тусгай хамгаалалтай газрын талаарх ойлголт, тусгай хамгаалалттай газруудад тогтвортой санхүүжилт яагаад чухал болох талаар ярилцлаа. Манай улс нийт газар нутгийнхаа 21 хувийг тусгай хамгаалалтад авсан бөгөөд цаашид 30 хувьд хүргэхээр төлөвлөж байгаа юм.
Хан Хэнтийн тусгай хамгаалтад авах гэж 45 хоногийн турш морьтой явсан
Би 1985 онд ОХУ-ын Эрхүү хотод тусгай хамгаалалттай газар нутгийн мэргэжлээр дүүргэсэн юм. Төгсөж ирсэн зунаа л ШУА-ын Газар зүйн хүрээлэнд ажилд орж байлаа. Тэр зуны турш Монгол Улсынхаа сайхан газар нутгуудаар явж ажилласнаа мартдаггүй.
Тэр үед тусгай хамгаалалттай газар нутаг, байгалийн нөөц газар гэж хоёр л ангилалтай байв.
Үүнийг олон улсын жишигт нийцүүлж шинэ ангилалтай болгох, тусгай хамгаалалттай газрын хууль дүрэм, үндэсний хөтөлбөр батлуулах, сүлжээ бүрдүүлэх, нэгэнт тусгай хамгаалалтад авсан газрынхаа менежментийг нь хэрхэн хийх вэ зэрэг олон ажлын ард хамт олонтойгоо гарсан.
Газар нутгийг тусгай хамгаалалтад авна гэдэг газрын нэр хэлээд л батлагдчихдаг амар ажил биш. Тухайн газар бүрт нь очиж хэмжилт хийнэ, тусгай хамгаалалтад авах үндэслэлийг нь боловсруулна гээд нүсэр ажил орно. Тэр үед одоогийнх нь шиг нарийвчлалтай программ байсангүй, газрын зураг дээр хэмжилтээ хийгээд бараг л 100 мянганы зурганы дөрвөлжин тоолоод талбайгаа бодож байлаа.
Тэр дундаас ганцхан түүхээс товчхон дурдъя.
Монголчуудын сүсэг бишрэл гүн шингэсэн Бурхан Халдун орчим буюу Хан Хэнтийн тусгай хамгаалалттай бүсийг тогтоох гэж тавуулаа хөвч тайга дундуур 45 хоногийн турш морьтой хүртэл явж байлаа. Манай улсын тайгын эко системийг тэр чигээр нь хамгаалсан том газар шүү дээ. Энэ мэтээр сараар, хэдэн сараар хонон өнжин хөдөө гадаа ажилладаг байв.
Байгаль хамгаалах хамгийн сайн шийдэл газар нутгийг тусгай хамгаалалтад авах явдал юм
Надаас байгаль хамгаалах хамгийн сайн шийдэл юу вэ гэж асуувал газар нутгийг нь тусгай хамгаалалтад авах л гэж хариулна.
Тусгай хамгаалтад авсан, хамгаалаагүй зөнгөөр нь орхисон газар хоёрын хооронд асар их зөрүү харагддаг. Тэр нь жил ирэх тусам мэдрэгдэнэ, нүдэн дээр л харагдана.
Хамгаалагдсан газруудын байгаль хэрхэн унаган төрхөөрөө хадгалагдаж, ургамал амьтан нь хэр их өсөж тоо толгой нь нэмэгддэг гэдгийг нутгийн иргэд маш сайн мэднэ. Яагаад гэвэл газар нутгийг тусгай хамгаалалтад авч хамгаалаад орхиогүй цаана менежмент ажиллаж байгаа учраас тэр шүү дээ.
Яг үнэндээ эргээд харахад тусгай хамгаалалтад авсан газрууд л үлдэж. Хэрвээ анхаараагүй бол тусгай лиценз, алт хөтөлбөрийн хөлд үрэгдээд өнгөрөх байжээ.
Тусгай хамгаалалтад аваагүй газар нутагт ашигт малтмалын лиценз ихээр олгогдсон, бэлчээр нутаг нь цөлжиж хуурайшсан байдалтай л угтахыг хараад халагламаар…
Бөөн цагаан нуур бол яг л үүний бодит жишээ юм. Намайг 1985 онд очиход хулс зэгс дүүрэн, заган шугуйтай үзэсгэлэнтэй газар байв. Бид олон жил энэ нуурыг улсын тусгай хамгаалалтад авах гэж хөөцөлдсөн ч Баянхонгор аймгийн зүгээс тогтоол шийдвэр гаргаагүй өдийг хүрчээ.
Цагтаа Төв Азийн экосистемд чухал үүрэг гүйцэтгэж байсан энэ нуурын талбай багасчихсан, маш их бохирдсон, зарим хэсэг нь хатаж ширгэж экологийн доройтолд оржээ. Хэрвээ тэр үед хамгаалалтад оруулаад менежментийг нь зөв явуулж чадсан бол тэр л хэвээрээ үзэсгэлэнтэй сайхнаараа л үлдэх байлаа.
Тусгай хамгаалалт, зохистой ашиглалт хоёр зэрэг яригддаг
Манайхан газрыг тусгай хамгаалалтад аваад л хүн, малын алийг нь ч оруулахгүй хашчихна гэж ойлгодог. Ерөөсөө хамгаална гэдэг тодорхой хэмжээний газар нутгийг зохистой ашиглах тухай л асуудал яригддаг.
Хамгийн хатуу тусгай хамгаалалттай газарт үйлдвэрлэлийн зориулалтаар мод бэлтгэх, огтлох, ургамал түүх, амьтан агнах, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэхийг хориглодог.
Мөн аялал жуулчлалын салбар нь байгалийн цогцолборт газрууд, дархан газрууд болон бусад бүх тусгай хамгаалалттай газруудыг түшиглэн үйл ажиллагаагаа явуулж, иргэд нь үр шимийг нь хүртэж л байгаа.
Харин ундны усны бүх эх үүсвэрийг тусгай хамгаалалттай газар нутагт хамгаалдаг бөгөөд гагцхүү уул уурхай, аж ахуйн зориулалттай үйл ажиллагааг л хориглодог.
The Nature Conservancy (TNC) байгууллага нь газар нутгийг тусгай хамгаалалтад авахад дэмжлэг үзүүлдэг
Манай улс нийт газар нутгийнхаа 21 хувийг тусгай хамгаалалтад авсан цаашид 30 хувьд хүргэхээр төлөвлөж байгаа.
Тусгай хамгаалалттай газар гэдэг зүгээр л зарлаад орхидог ажил биш. Ард нь судалгаа шинжилгээ, байгаль хамгаалал, нөхөн сэргээлт, биотехникийн хамгаалал зэргийг тасралтгүй хийж байх ёстой юм. Гэвч хангалттай санхүүжилтгүй учраас орхигддог.
Улсаас боломжоороо мөнгө төсөвлөдөг ч судалгаа шинжилгээ, байгаль хамгаалагчийн цалин хөлс, хувцас хэрэглэлд мөнгө нь огт хүрдэггүй.
Газар нутгийг тусгай хамгаалалтад авах талаар ойлголт тийм ч сайнгүй үед Дэлхийн байгаль хамгаалах сан гэж байгууллага анхны газар нутгийг хамгаалалтад авахад санхүүгийн хувьд маш их дэм тус болж байлаа.
Харин өдгөө TNC байгууллагаас энэ ажилд маш том дэмжлэг үзүүлж байгаль хамгааллын байнгын санхүүжилтыг бий болгохоор ажилладагт гүнээ талархал илэрхийлмээр байна.
Байгаль хамгаалахад хамгийн их дутагдаж байгаа чухал зүйл болох санхүүжилт дээр тусалсны хүчинд л газар нутаг, амьтан ургамал тогтвортой хамгаалагдана. Энэ бол монголчууд бүгдээрээ талархах ёстой үнэлж баршгүй үнэ цэнтэй ажлын эхлэл.
The Nature Conservancy (TNC) нь дэлхийн 70 гаруй улс оронд байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ашгийн бус байгууллага юм.
Маш олон чиглэлээр үр дүнтэй ажилладаг, тухайлбал газар нутгийг тусгай хамгаалалтад авах, тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөжүүлэх чиглэлд маш үр дүнтэй ажиллаж байна.
The Nature Conservancy (TNC) байгууллагын хамгийн том ажлын нэг бол Монгол орны экологийн бүс нутгийн үнэлгээг гаргасан явдал юм. Ийнхүү үнэлгээ хийснээр Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд экологийн хувьд чухал ач холбогдолтой газруудыг тодорхойлж, уул уурхай, түүнийг дагасан дэд бүтцийн хөгжлийг байгаль хамгаалах асуудалтай зохистой уялдуулж төлөвлөхөд шаардлагатай үндэсний хэмжээний нэгдсэн мэдээллийн сан бүрдсэн юм.
Мөн сүүлийн жилүүдэд орон нутгийн тусгай хамгаалалтын газрыг иргэд нь өөрсдөө хамгаалж хамгаалсныхаа хишгийг хүртэх жишиг бий болсон. Тухайлбал Увс, Хөвсгөлд маш амжилттай хэрэгжиж байна.
Бид энэ сайхан газар нутгийг зөв сайхнаар нь авч үлдвэл эцсийн эцэст үр хойчид минь л үлдэнэ шүү дээ. Тийм учраас эх байгальдаа ээлтэй хандаж, газар нутгаа хамгаалахад иргэн бүрийн оролцоо чухал.